НИЙСЛЭЛИЙН ТҮРГЭН ТУСЛАМЖИЙН ТӨВ

Иргэдийн дунд томуу, томуу төст өвчлөлттэй холбоотой дуудлага ихсэж байгаа тул амны хаалтаа тогтмол зүүж, дархлаагаа дэмжиж, эрүүл ахуйн дэглэмийг чанд сахина уу.

2025 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн 08:00 цагаас 24-ний өдрийн 08:00 цаг хүртэл Түргэн тусламжийн дуудлага 2787 хүрч өмнөх оны мөн үетэй харьцуулахад 87,4%-иар өссөн байна. Үүнээс ТТТӨ-тэй холбоотой дуудлага өмнөх жилийн тус өдрөөс 3,4 дахин өссөн үзүүлэлттэй байна. Иргэд та бүхэн гадуур явахдаа амны хаалтаа зүүж, дархлаагаа дэмжин, халдвар хамгаалал, эрүүл ахуйн дэглэмийг сахиж өвчлөлөөс урьдчилан сэргийлнэ үү. Түргэн тусламжийн төв нь цочмог өвчин эмгэг, осол гэмтэл, хордлого, жирэмслэлт, төрөлтийн үед эмнэлгийн яаралтай анхны тусламжийг газар дээр нь болон тээвэрлэлтийн явцад үзүүлэн, эмнэлэгт хүргэх чиг үүрэг бүхий байгууллага юм.  Иймд иргэд та бүхэн эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээг өрхийн эрүүл мэндийн төвдөө хандаж авах боломжтой юм. Төв нь дотоод нөөц бололцоондоо тулгуурлан өдөрт 45 түргэн тусламжийн багийг дуудлагад явуулж байгаа ч дуудлагын ачаалал, замын нөхцөл байдлаас шалтгаалан дуудлага хүлээгдэх тохиолдол гарч байгаа тул иргэд та бүхэн дуудлага очих хүртэл хүлээцтэй хандаж, түргэн тусламжийн автомашинд зам тавьж өгч бидний ажилд туслана уу.  Нийслэлийн иргэдийн эрүүл мэндийн манаанд 24 цагаар тасралтгүй ажиллаж байгаа эмч, жолооч, ахлах эмч, дуудлага хүлээн авагч, нийт ажилчиддаа БАЯРЛАЛАА.

  • 2025-11-24

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962