
Даралт ихсэлттэй гэдгээ мэдэх нь яагаад чухал байдаг вэ?
Артерийн даралт хэт өндөр байх нь зүрх болон судсанд ачаалал өгч улмаар бай эрхтний (зүрх, тархи, бөөр, нүд, захын судас г.м) гэмтэлд хүргэдэг. Систолын даралт 20 ммМУБ-аар, диастолын даралт 10 ммМУБ-аар нэмэгдэхэд зүрхний өвчин, тархинд харвалт өвчнөөр нас барах эрсдэл 2 дахин ихэсдэг. Иймд, хэрэв АД ихсэлтээ эмчлэхгүй, хянахгүй байвал эцэстээ зүрхний шигдээс, тархины харвалт, зүрх болон бөөрний дутагдал болох эрсдэлд өртдөг байна.
Артерийн даралт ихсэхэд ямар шинж тэмдгүүд илрэх вэ?
АД ихсэлт нь ихэвчлэн шинж тэмдэггүй байдаг учир даралт ихсэлттэйгээ мэдэх хамгийн гол арга бол даралтаа хэмжиж үзэх явдал юм. Зарим тохиолдолд толгой өвдөх, хүзүү чилэх, нүдний ухархайгаар өвдөх, нүд бүрэлзэх г.м шинжүүд илэрч болно. Хэрэв АД хэт ихсэх (180/120 мм МУБ-аас их болох), хөл гар сулрах, дотор муухайрч бөөлжих, ухаан балартах, хэл ээдрэх, цээжээр хүчтэй өвдөх г.м шинжүүд илэрвэл эдгээр нь АД хэт ихэссэнээс үүдэлтэй бай эрхтний гэмтэл үүссэний илэрхийлэл байж болзошгүй тул яаралтай эмнэлэгт хандах хэрэгтэй.
Артерийн даралт ихсэлтийг гэрийн нөхцөлд хянах нь ямар ач холбогдолтой вэ?
Та, гэрийн нөхцөлд өөрөө АД-аа зөв бөгөөд тогтмол хэмжиж дадах нь даралт бууруулах эмчилгээний үр дүнг хянах, эмчилгээний дэглэм барилтыг сайжруулах чухал ач холбогдолтой. Зарим хүмүүс эмнэлгийн орчинд ирэхээр даралт нь өсдөг тул гэрийн нөхцөлд АД-ыг хэмжих нь цагаан халадны даралт гэж нэрлэгддэг хуурамч даралт ихсэлтээс сэргийлж, даралтын бодит хэмжээг тогтоох боломжийг олгодог. Даралтын зураглалыг зөв гаргаснаар даралт бууруулах эмийн тунг зөв тохируулж, шаардлагагүй эмийн хэрэглээнээс болон эмийн тунг хэтрүүлэн хэрэглэхээс сэргийлэх боломжтой болдог
Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962