
Би долоо дахь жилдээ түргэний эмчээр ажиллаж байна. Хүн өвдлөө гэхэд эхлээд 103 руу л залгадаг. Хамгийн түрүүнд тусламж үзүүлдэг эмч нар бол бид. Манайд хоногт 1100-1200 дуудлага ирдэг. Нэг ээлжид 40-45 машин буюу 45 эмч ажилладаг. Нэг эмч хоногт 35-40 орчим, ачаалал их бол үүнээс ч олон дуудлагад явна. Хэдийгээр ганц эмч л очиж харагдаад байгаа ч бид багаараа ажилладаг. Оператор дуудлага хүлээн авч, ээлжийн ахлах хэн ямар дуудлагад явахыг хуваарилж, бид жолоочтойгоо хамт очдог. Өнөөдөр яг ийм өвчтөн үзнэ гэж урьдчилан мэдэх боломжгүй шүү дээ. Осол гэмтэл, хүүхэд, зүрх судасны өвчтэй хүн гээд төрөл бүрийн дуудлага ирдэг учраас мэдлэг, ур чадвар, сэтгэн бодох хурд шаарддаг. Үүнээс гадна хүн өөрөө сэтгэлийн амьтан учраас бусдад өрөвдөх хайрлах, энэрэх нигүүлсэх сэтгэлээр хандаж, өөрийн аав ээж, ах дүү шигээ хайрлаж байж, урам зориг дүүрэн, өөдрөг ажиллана. Шинэхэн эмч нарыг түргэний эмчээр ажиллуулбал ур чадвар нь сайжирч, мэдлэг нь тэлэх болов уу. Мэдээж хэрэг шинэ төгсөгчдөд мэдэхгүй, чадахгүй зүйл олон гарна. Тэр үед ээлжийн ахлагч, удаан ажилласан эмч нар зөвлөгөө өгнө, дэмжиж тусална. Байгууллагаас ч гэсэн осол, гэмтэл, төрөх, эмэгтэйчүүд гээд нарийн мэргэжлийн сургалт тогтмол явуулдаг болохоор дорхноо ажлын дөр суучихдаг юм. Нэг дуудлагаас нөгөө дуудлага руу явах хугацаа 15-20 минут. Гэтэл замдаа түгжрэх, хаягийн мэдээллээ дутуу өгөх, хаягаа зааж өгч чадахгүй, утсаа авахгүй байх зэргээс болж удах тохиолдол гардаг. Хамгийн ярвигтай нь гэр хорооллын эмх замбараагүй зохион байгуулалт, муу хаягжилтаас болоод айлаа олох гэж удах, машин явж болохооргүй газар руу алхаж очих нь ч бий. Хүний амь нас, эрүүл мэндтэй шууд холбогддог ажил болохоор жаргал, зовлон нь ялгаагүй л хүнтэй холбоотой. Яаралтай тусламж хэрэгтэй хүнд анхан шатны тусламж, үйлчилгээ үзүүлчхээд “баярлалаа” гэхийг нь сонсохоор, талархсан сэтгэлийг нь мэдрэхээр жаргалтай болж, урам ордог юм. Харин хүн нас барах, ар гэрт нь дуулгах үнэхээр хэцүү. Ер нь ямар ч ажил, мэргэжилд ганц л дүрэм үйлчилдэг. Эрхэлсэн ажилдаа чин сэтгэлээсээ хандаж, үнэнчээр хөдөлмөрлөвөл үр шимийг нь хүртэнэ. Мөн хажуугаар нь мэргэжлийн бус юм уу, сайн дурын ажлыг ч хийх хэрэгтэй. Тэндээс амьдралд хэрэгтэй олон чанарт суралцана.

Эх сурвалж: Захиргаа, төлөвлөлт хариуцсан орлогч дарга П.Сувд Утас:99221962